НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд НИТХ-ын дарга, Монголын Хотуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй “Хотын хөгжлийн өнөөгийн байдал, тогтолцооны болон эрх зүйн шинэчлэлт” сэдвээр илтгэл тавилаа. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм ноёд, хатагтай нар аа,
Эрхэмсэг зочид оо,
“Хотын хөгжил-шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд оролцогч Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая.
XX зуун дэлхийд хотжилтыг бэлэглэж, зууны эхэнд дэлхийн хүн амын 13 хувь нь хотод амьдарч байсан бол төгсгөлд нь 47 хувь болж өссөн байна[1]. Хөгжингүй орнуудад хотжилтын хувь харьцангуй өндөр байгаа боловч хөгжиж буй орнуудад хотжилтын хурдац илүү эрчтэй байна.
Дэлхий дахинаа өрнөсөн аж төрөх хэлбэрийн энэ өөрчлөлт нь Монголд бас нөлөөлсөн билээ. Монголд 1950-иад оноос хотжилт эрчимтэй явагдсан байна. Нүүдлийн соёл иргэншилтэй орны хувьд манай хүн амын 80 хувь хөдөөд оршин суудаг байлаа. Хоёр зууны зааг үеэс хотжилтын үйл явц улам эрчээ авч, одоо хүн амын 65.8[2] нь үй олноороо хотод суурьшжээ.
Манай улсад төрийн бодлогын хүрээнд 1950-иад онд аж үйлдвэржилтийн, 1960-аад онд атар эзэмшилтийн чиглэмжтэй шилжилт хөдөлгөөн өрнөжээ. Харин 2000-аад оны эхээр давалгаалсан шилжилт хөдөлгөөн нь хөдөө дэх ядуурлаас ангижрах, ажил эрхлэх, амьдралын нөхцөлөө сайжруулахын төлөөх иргэдийн сонголт байснаараа ихээхэн онцлогтой юм.
Хотжилтын нөлөөгөөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн өсөлт хурдацтай өрнөж байна. Хархорин, Тосонцэнгэл, Хатгал, Зүүнхараа, Бор өндөр, Хөтөл, Бэрх хотод ердийн болон механик өсөлт өрнөж, оршин суугчдын тоо нэмэгджээ.
Улаанбаатар хотоор жишээ авч, түүний хөгжлийн талаар товч илтгэе. 1639 онд “Ширээт нуур”-т сууриа тавьж, 370 гаруй жилийн түүхтэй нийслэл хот маань түүхэн хөгжлийнхөө явцад орд, өргөө, хүрээ, их хүрээ, нийслэл хүрээ болон өргөжиж, 1924 онд Улсын анхдугаар их хурлаар хотын статус нь хуульчлагдан, “Улаанбаатар” хэмээн нэрлэгдэх болж, энэ нэрээрээ дэлхий дахинаа танил болсон билээ.
Улаанбаатар хот эдүгээ дөрвөн хайрханы дунд өсч дэвжин, дэлхийн саятан хотын эгнээнд багтан орж, улсын хүн амын 40 шахам хувь амьдарч байна.
Улаанбаатарын өсөлт нь эрэлт, нийлүүлэлтийн аль алийг нь өдөөж, үйлдвэрлэл үйлчлгээ тэлж улсын ДНБ-ний 60 гаруй хувийг хот үйлдвэрлэж байна. Нийслэл хот маань нь дэлхийн энтэй хотын түвшин рүү тэмүүлж байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх үзэлд суралцаж, хүний хөгжилд түлхүү анхаарч байна. Мэдээлэл, технологийн дэвшлийн үр шимийг оршин суугчид чөлөөтэй хүртэх болов. Дэлхийн брэнд элбэгшив. Орчин үеийн архитектур-дизайны шийдэлтэй болон өндөр цамхагууд сүндэрлэх нь хэвийн үзэгдэл болов. Эдгээр нь манай Улаанбаатарчуудын бахархал мөн.
Нүүдлээс суурьшилд шилжсэн, ази-европын архитектур дизайн хосолсон, үндэсний сууц гэрээс эхлэлтэй, одоо гэр хороолол нь хотын зонхилох орон сууц хэвээр байгаа, хотын удирдлага нь давхардмал чиг үүрэгтэй, хотын менежментэд улс төрийн нөлөө хүчтэй байгаа нь Улаанбаатар хотын онцлог мөн билээ.
Ололтын зэрэгцээ цөөнгүй бэрхшээлтэй тулгарлаа. Замын хөдөлгөөний саатал, орчны (агаар, хөрс, ус, хог, чимээ шуугианы) бохирдол нэмэгдэж, ядуурлын түвшин өндөр байна.
Монгол улсын хотын хөгжлийг бусад орны хотуудын хөгжилтэй шууд харьцуулан дүгнэх боломжгүй учраас олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаанд тулгуурлан улсын индексээр хотыг жишиж үнэлвэл, хүний хөгжил, аз жаргалтай байдал, хөгжил цэцэглэлт, эдийн засгийн эрх чөлөө, өрсөлдөх чадвар, бүтээлч санаачилга, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадвар, нийгмийн үйл ажиллагаа, технологийн үзүүлэлт зэрэг олон индексээр дэлхийн 150 оронтой харьцуулахад манайх дундажаас нэлээд доогуур үзүүлэлттэй байна.
Энэ нь юуны өмнө оршин суугчдын тоо төлөвлснөөс илүү хурдацтай өсч, үйлчилгээний доголдол үүсч, хотын соёл бүдгэрч, нийгмийн сөрөг үзэгдлүүд даамжирсантай холбоотой гэж хэлж болно.
Хотжилт нь ядуурлыг багасгах, тогтвортой хөгжлийг дэмжих боломжуудыг бий болгодог байна. Хотжилт нь хөгжилд хүргэх нэг зам гэж бас хэлж болох юм.
Хотод амьдрах гэсэн иргэдийн сонголтыг хүндэтгэн, тэдний амьдрах таатай орчинг бүрдүүлэх нь төрийн захиргааны үүрэг ээ.
Хотын оршин тогтнол нь хүн ам үе улиран эрүүл, аюулгүй орчинд тав тухтай амьдрах боломжийг нь үндэслэл болгож алсыг тооцсон ерөнхий төлөвлөлтийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх ёстой. Ингэж чадах аваас, тухайн хотын хүн ам өнө хугацаанд амьдрах ээлтэй нөхцөл бүрдүүлдэг ажээ. Энэ нь аль ч хотод мөрддөг “амьдралын хууль” гэж хэлж болно.