Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т Алсын харааг “Хүнээ эрхэмлэн дээдэлсэн, газар нутгийнхаа онцлогт зохицсон, байгаль орчинд ээлтэй, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологид суурилсан үйлдвэр, эдийн засагтай, ухаалаг хот болох”-оор тодорхойлсны дагуу байгалийн хийг Монгол улсад нэвтрүүлэхээр “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК төслийн анхан шатны тооцоо судалгааг хийн, хөрөнгө оруулалтын гэрээ хэлцлийг хийж, төслийн Тусгай зориулалттай компани болох “Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийг 2017 онд үүсгэн байгуулсан.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/562 дугаар захирамжийг үндэслэн “Улаанбаатар байгалийн хий” ХХК агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын автобусанд шахсан байгалийн хийн түлш нэвтрүүлэх төсөл” хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол улсад байгалийн хийн шинжлэх ухааны болон нийгэм, эдийн засгийн өөрчлөлт авчран, эрчим хүчний салбар дэлхийн жишигт ойртоход томоохон алхам болно.