Төсөл

Улаанбаатар хотод олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх төсөл

  • Хүрэх үр дүн:

    Албан бусаар такси үйлчилгээ эрхэлж буй жолооч нарыг бүртгэж, зөвшөөрөл олгож, машиныг тоноглон стандарт нийцүүлж үйлчилгээнд нэвтрүүлнэ. Нийслэл хотод олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлж, такси үйлчилгээний менежментийг сайжруулна.

Тайлбар:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 153 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төсөл”-ийг хэрэгжүүлэхийг даалгасны дагуу “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 04 дүгээр тогтоолоор “Улаанбаатар Такси Каб” ХХК-ийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн.

Улаанбаатар хотын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын дотроос нийтийн тээвэр, логистикийн асуудал нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай төвшинд байна. 2014 оны судалгаагаар хотын төв замын зорчилтын дундаж хурд 20-30 км/цаг байсан бол өнөөдөр оргил ачааллын үед хөдөлгөөн 5-8 км/цаг хурдтай болсон байна. Мөн Улаанбаатар хотын өнөөгийн тээврийн эрэлт хэрэгцээ өдөрт ойролцоогоор 3.4 сая зорчилт болж байна. Бүтцийг авч үзвэл явганаар 30.6%, авто машинаар 24.2%, таксигаар 9.2%, автобусаар 33.4%, болон бусад тээврийн хэрэгслээр 2.6% тус тус болно. Дэлхийн томоохон хотуудын оршин суугчдын 1000 хүн тутамд 3-4 такси үйлчилж байвал эрэлт хэрэгцээ хангагдана гэж үздэг.

Улаанбаатар хотын таксины тоо 2003 онд дээд хэмжээндээ хүрч 61 байгууллагын 3960 тээврийн хэрэгсэл буюу нийслэл хотын (хүн ам 869.9 мянга) 1000 хүн тутамд 4 такси ногдон, дэлхийн хөгжингүй орнуудын жишиг төвшинд хүрч байсан. Гэвч энэ тоо жил бүр буурсаар 2018 оны байдлаар хувийн хэвшлийн 12 аж ахуйн нэгжийн 615 тээврийн хэрэгсэл таксины үйлчилгээнд ажиллаж байгаа нь (2018 оны эцсийн байдлаар хүн ам 1447.5 мянга) ойролцоогоор 1000 хүн тутамд 0.4 такси буюу нийтлэг жишгээс 8-10 дахин бага байна. Нийтийн тээврийн бодлогын чиглэлээр тэргүүлэх судалгааны институт болох Шалер Консалтингийн зөвлөснөөр хувийн машин давамгайлсан хотын хувьд 1000 хүн амд ногдох таксины тоог 1.2-2.4 байвал зохистой гэж үзсэн бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй 615 такси байгаа нь шаардлагатай тооноос 2274-өөр цөөн байна.