Төсөл

Нийтийн ахуй үйлчилгээний төв

  • Хүрэх үр дүн:

    Автомат угаалга, халуун ус, үсчин, гоо сайхны үйлчилгээ, бусад худалдаа, үйлчилгээ эрхлэх үйлчилгээний зориулалттай 1 давхар барилга бүхий үйлчилгээний 3 төв байгуулахаар төлөвлөсөн.

Тайлбар:

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэхээр заасан.

 

Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын 45.3 хувь буюу 2 хүн тутмын нэг нь нийслэл хотод оршин сууж байна. Үүнээс гэр хороололд нийт нийслэлийн иргэдийн 58 хувь буюу 242,166 өрх 875,659 хүн төвлөрөн суурьшсан байна. 2013 онд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гэр хорооллын иргэдийн ундны ус болон нийтийн халуун усны хүрэлцээ, эрүүл ахуйн талаар хийсэн судалгаагаар Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 41 хувьд нь нийтийн халуун усны газар дутагдалтай, нийт айл өрхийн 81 хувь нь долоогоос дээш хоногт усанд ордог байна. Энэ нь хувийн ариун цэвэр хангалттай сахиж чадахгүйг харуулж байгаа бөгөөд гэр хорооллын айл өрхөд тулгамдсан нэн тэргүүний асуудал бол нийтийн халуун усны газар, ахуйн үйлчилгээний газар дутмаг байгаа явдал юм.

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 153 дугаар тогтоолоор “Нийтийн ахуй үйлчилгээний төв” төслийг хэрэгжүүлэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-д үүрэг болгосны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Петровис” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Төслийн гол зорилго нь гэр хорооллын иргэдийн нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх, нийтийн ахуйн үйлчилгээ шинээр байгуулах, гэр хорооллын айл өрхөд олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ хүргэх, иргэдийн амьдрах таатай орчинг сайжруулахад оршино.