Төсөл

Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төсөл

  • Төслийн хүрэх үр дүн:

    Авто зогсоолын төрлийг нэмэгдүүлж, төлбөрийн шатлал, цагийн хязгаарлалттай болгох замаар зогсоолын менежментийг сайжруулна

Төслийн үндэслэл:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 153 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төсөл”-ийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулж, хэрэгжүүлэхийг УБХК ХК-д үүрэг болгосон.

Монгол Улсын хэмжээнд 2021 оны байдлаар нийт 1,234,701 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 53,6% болох 662,644 нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд нэг өрхөд ойролцоогоор 1,5 машин ногдож байна. Нийслэл хотод 950 орчим нийтийн тээврийн автобус 98 чиглэлд үйлчилгээ үзүүлж  байгаа хэдий ч хүрэлцээ хангалтгүйн улмаас иргэд хувийн автомашинаараа зорчихоос өөр аргагүйд хүрч энэ нь цаашлаад автомашины нягтаршлыг үүсгэж байна. Мөн хот төлөвлөлтийг хийхдээ авто зогсоолын асуудлыг шийдээгүй орхигдуулсны улмаас автомашины төвлөрөл нэмэгдэхийн хирээр авто зогсоолын хүрэлцээгүй байдал бий болж байна.

  • Хот доторх хэт төвлөрөл;
  • Авто зогсоолын хүрэлцээгүй байдал;
  • Нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй;
  • Хувийн машины хэрэглээ, импортоор орж ирж буй машины тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

 

Төслийн хөгжүүлэлт:

  • Төслийн судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг үе шаттай гүйцэтгэж байгаа бөгөөд 2021 оны 07 дугаар сард Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаас өгсөн үүргийн дагуу ЗХТЗИГ, УБХК ХК-ийн албан хаагчид Бага тойруу орчмын нийт 184 байршлын 4857 автомашины зогсоолыг тоолж, ангилсан.

2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Гүйцэтгэх захирлын А/25 дугаар тушаалаар Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төслийн хөгжүүлэлтийг хийх, төслийн зорилгод үр дүнтэйгээр хүрэх, төслийн менежментийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилго бүхий төслийн багийг байгуулж төслийн судалгаа хөгжүүлэлт, санхүүгийн тооцоолол, холбогдох байгууллагуудтай уулзалтууд зохион байгуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн бөгөөд дараах байршлуудад авто зогсоол төлөвлөхөөр ажиллаж байна. Үүнд:

Гудамж, зам дагуу авто зогсоол / менежментийг сайжруулах /:

–           III, IV хороолол орчмын худалдааны төвийн гаднах зам дагуу авто зогсоол /замын урд болон хойд/;

–           Сөүлийн гудамжны зам дагуу авто зогсоол /замын урд болон хойд/;

Автомат, ил давхар зогсоол:

–           Нийслэлийн Засаг захиргааны IV байрны урд талын авто зогсоол.